2011-03-30

Зун ирж байна

Их талд зуны үдэш ямар сайхан байдаг гэж санана. Зөөлөн салхи хацар илбэн энгэр заамаар сэвэлзэх. Агь таанын үнэр ханхалж газрын чийг үнэртэнэ. Үдшийн гэгээ шаргалтан замхарч шөнийн шувууд хаа нэг дуугаран нам гүм талыг сэргээнэ. Тэртээ алсаас чихнээ нэгэн чимээ сонсогдох нь эх дэлхийн эгшиг дуун хэмээж хөгшид өгүүлдэг сэн. Аниргүй шөнө одод нүүрэн дээр буусан мэт тодрон харагдаж тэнгэрийн сүүн цагаан зам зурайн дуу чимээгүй өдөржин халсан газрын хээл бүв бүлээн хонох бөгөөд үүрийн шаргал туяа их талыг нэг л мэдэхнээ тодруулна. Зуны гайхамшигт тал үүр хаяарах энэ агшнаа үл мэдэг бараантана. Талын өнгө улам тодорч шувуудын жиргээ тэнгэрийн мандлаас эгшиглэнэ. Үүр улайран, тэгснээ шаргалтан хэсэг байснаа тэнгэрийн хаяанаас дугариг улаан наран мэлсхийн мандаж их талын энгэр байгалийн хөг эгшиг дуурсан дурсах шүүдэр унасан байх. Жижиг тойрмын дээгүүр манан хөшилдөнө. Хөдөө талд нэгэн зуны гайхамшиг ирж байна. Одоо сургуулийн хичээлийн төгсөлт, элсэлтийн шалгалт, хаврын цэрэг татлага, дараа нь наадамд хурдан морьдоо барьж хүүхдийн гийнгоо, зөөлөн дулаан уур амьсгал тал хээрийн зун ингэж ирлээ. 

No comments:

Post a Comment