2011-03-30

Орчлонгийн амьдрал

Орчлонгийн амьдрал бэлэг дэмбэрлээр дүүрэн байх тусам хойшдын зам мөр мууд үл дийлдэх дандаан гэгээн байх. Энэ бол яахын аргагүй гурван цагийн бахархал юм даа. Сэтгэл санаа зөв бол орчлонгийн зүг бүхэн сайн, од гараг бүхэн өлзийтэй, гол нь зүг чигтээ биш сэтгэл оюуны чиг хандлагадаа байгаа юм. Үнэн огторгуйд од болон гялалзана. Үнэний зорилго цэргийн тангараг шиг хатуу. Үүрийн цолмон тосож сарнай дэлбээгээ нээхгүй үргэлжийн цагаан зуд орчлон хорвоог царцаана. Бурмын дээж ээжийн минь сүү үнэн. Хүүхэд цовоо, хөгшид амгалан байвал жаргал тэр. Хүн эхийгээ жаргаана гэдэг, зовоогоогүй л бол ачлал тэр. 


Од гараг хөх тэнгэрийн дор, хөрст дэлхий дээр би инээж, уурлаж, баясаж, баярлаж, уйлж, хагацаж, тэнийж, тэмцэж, тэмүүлж залуу насаа үдэж амьдарсан. Зөвхөн ганцаар уйлж зүрх минь хатуужихыг мэдэрсэн.

Гэгээн өдрийн нарыг үзэхгүй болтлоо бодох юм.
Гэрэл сүүдэр хоёрыг ялгахгүй болтлоо бодох юм.
Гэв гэнэт нулимс унагаамаар бодох юм.
Аглаг талын дундах хүн чулууны настай ч болоосой гэж бодох юм.
Андыгаа хүлээж саравчлан харгуй ширтсээр зогсоогоороо үхэх юмсан гэж бодох юм.
Үгүй ээ, би янзган зүс шөнөжин шивэрсэн хонгор намрыг би бодохгүй.
Энгэрийнхээ товчийг элэгдтэл бодохгүй.
Эрэг гангыг нуртал би бодохгүй.

Ертөнцийн ганц үнэн үүрд ариун сэтгэлтэн явж түүнд хүрэх зам мөр минь дандаа үнэнч байх л чухал юм даа!

Аливаад ухаалаг тайван, ултай суурьтай хандах. Харин юманд хүлээцгүй, бодлогогүй, адгасан, уурлаж бухимдсан, бусад руу дайрч давшилсан ааш зан гаргавал амьдралын эргүүлгээс үргэлж арагшаагаа байх болно. Хүнийг эхлээд хайрлаж хүндэтгэж байж хайр хүндэтгэлийг дараа нь хүртдэг учиртай юм.

No comments:

Post a Comment