Сэтгэл уясах хаврын сарууд эхэллээ. Ар араасаа давалгаална. Хүмүүн гэгч цаг улирлаа дагаад хаварт сэтгэл уясаад ялдамхан болох. Хахир өвөл голын цаана хоцорч хамаг ачааг нуруун дээрээс аваад хаясан мэт хөнгөрөөд явчихдаг. Хоёр сугаа холготол салхи сэмчсээр холын тэртээгээс шувуудын зэллээ наашилна. Хотын гудмаар алхахад урин цагийн зөөлөн сэвэлзүүр салхи энгэр заамаар шургалж хацар нүүрийг илбэх нь таатай. Уул талын энгэр бэлээр цэнхэр ногоон суунаг татаж дуниартана. Хэсэгхэн зуурт цаг хугацаа амсхийсэн юм шиг дэлхий ертөнц тэр аяараа амар амгаланд уусдаг даа. Тэнгэрийн хаяа улам саруулхан санагддаг шүү. Яг л ухаан бодлын гүнд алсрах сэтгэхүйн хязгаар шиг ээ. Харин олон ааш зантай хүнийг хаврын тэнгэр шиг гэдэг. Энэ ч бас үнэн юм шиг байдаг. Монгол ардын зүйрлэсэн үг бодит амьдралд зөв л тусгагдах юм аа!
No comments:
Post a Comment