Эргэн тойрон чимээ аниргүй, шөнийн талд адуу янцгаана. Хөдөөгийн энэ хотонд шөнө тэнгэрийн одод гялалзаж, хөр цастай бууцандаа хонь тэмээ нь налайжээ. Ижийн бүүвэй сонссон говийн энэ бууц хээрийн нэгэн олохооргүй тал газрын дунд нууц. Холын холоос бараатай Шарил, Чойлонгийн хоёр уул манай нутагтаа андашгүй малын мөр дүүрэн, тэнүүн говь андашгүй тэмээн мөр дүүрэн. Сарны туяанд цэцэг ургана. Салхины сэвшээнд үлгэр урсана. Эргэх хорвоогийн үнэн байдлаас энэрч туслах эрхэм ёсон. Эхийн ачтай зүйрлэн хэлмээр цагийн сүүдэртэй магнайг чинь мянган шөнө алгаараа дулаацуулж сэтгэлийг чинь нэг баярлуулах сан гэж хорвоод ганцхан ээж тандаа зориулья аа.
Олон жилийн өмнө хүүхэд байхдаа би чулуугаар гэрээ барьж тоглодог. Шарил, Чойлонгийн уулын чулуун дээр төрж ойчсон. Бас ч өндийж гүйж харайж хүн болох замынхаа зөөлөн хатууг таньсан юм.
Уулын минь чулууны өнгө гэрэл ээжийн ангир цагаан сүүтэй адилхан, гар шиг нь илбүүн зөөлөн, ингэж би эндээс өссөн юм.
Цайгаа уу гэж ижий минь толгой дээрээс даллан зогсдог сон.
Тэгш газар дээр шороо чулууг нь цэвэрлэж байгаад тойруулан дугуй зурж голд нь гэрийн багана гэж эгц дэрсийг хугалж байгаад хатгаад зураасныхаа дагуу авдар, ор гэх мэтээр тавилгаа өрчихөөд... Нарыг авдрын цоохор хээнээс урагшлан ширдэг рүү бууж ирсэн эсэхийг, ээж минь үдийнхээ будаатай цайг үйх цаг болсон эсэхийг тааварлан суудаг сан. Хүүхэд байхад гэрийн нар хоёр баганын хооронд ирэхэд манай үдийн цай болдог сон. Бага насны минь бурам шиг амттай, үлгэр мэт атлаа үнэн түүхийг өвлөн өвөртлөн үлдсэн энэ уул усаа сэтгэлдээ шүтэж явсаар өдий хүрлээ.
Цагаан цайлган сэтгэлтэй, мөрөөдөлдөө хөтлөгдсөн жаргалыг тэндээс олох гэж уруудах нь ч бас бий. Онгирч бардамнах өвчинд автан олз хайсаар тэнхлээ барсан олон хүмүүсийг тийм л тавилан угтсан. Орчлон эс энэрдэг, тэнхэлгүй болсон нэг нь уруу нь живдэг. Элэгдэх мөчөө иртэл тэгж л тосож хаврын цэцгийн ишийг хайхралгүй, хатуу анжис дайрах шиг гачаал өвчний нэг нь гартаа хийнэ.
Орчлонгийн өнгөнд болор жүнз үл ялгарах өглөөний тунгалаг мандалд амилсан бурхдын цэцэрлэгээс нойрссон болжмор сэрэн дуугарах сонсогдоно. Тасарч унасан навчис гомдолт намрыг үгүйлэн талын намхан толгод чив чимээгүй зүүрмэглэнэ. Сэржим өргөсөн ууландаа сэтгэлийн охь бодлоо сэмхэн шивнэх минь ч гуниг.
Орчлон түүнд ер бусын гайхамшгийг бэлэглэсэн юм. Үзэгдэл бүхэн хоосон. Дорно дахины алтан сургаалын нууцыг эрсээр улам нууцыг ч мэдэрсэн. Дорнын намуун салхи цээжин дотор минь исгэрч цэх бие минь бөгтийж үлдлээ.
Долоон бурхан оддын наагуур нүүдэл хөсөг хөдөллөө. Ертөнц даяар ерөөл тавилангаар заяасан тэнгэр өөдөө нүүх л болно доо.
Учир нь олдохгүй зүүний сүвэгчээр учиг утасны үзүүр цухуйх шиг.
Хорвоод жаргал зовлон ээлжлэн, хүсэл хясал өрсөлдөж, өчүүхэн хүн шулуун дардан замаар явна гэдэг байхгүй. Хорвоогийн цорын ганц гайхамшиг бол хүн билээ. Байлаа гээд барайхгүй, байхгүй гээд хонхойхгүй хүн зөндөө байдаг. Тийм л хүмүүс хүн сүргийн дундаас гээгдэж хаягдах нь. Мартагдана. Дурсъя гэхэд үг олдохгүй, ярья гэхэд үг эвлэхгүй.
Сайхан санаагаараа жаргаж яв! Садан төрлөөрөө нэгдэж яв! Санаа сэтгэлээ засаж яв! Үр ачийнхаа сайн сайхныг үзэж удаан жаргаарай.
No comments:
Post a Comment