2011-03-29

*


Алд алдын гүн рүү яргаж хавсан загийн үндэс амьсгалах мэт усан судал шимэн хөхөх чимээг би сонсдог. Зуны мөнгөн одод сансрын зайд хоорондоо ирмэлцэн дохиолж зуун гэрлийн жилийн чанадаас хэл авалцах авиаг бас сонсдог. Мянган жилийн тэртээх өвгөдийн минь гэгээн сүнс мяралзах он жилийн цаанаас намайг харж байгааг би мэдэрдэг. Сэтгэлийнхээ толинд энэ бүгдийг би мэдэрдэг. Монголын минь хээр талын шөнө морины минь омруун дороос ногтруу дэрхийнэ. Мэлмэрсэн том сарны туяанд эмээлийн мөнгөн хяр цалсхийнэ. Тэнгэрээс хөллөсөн аварга луу, галавын галавт садарсан буурын цагаан хөөс, газар тэнгэрийн хоорондох уулын цагаан мөнгөн чавхдас, ээжийн улаан гал дээр сүүтэй цай даргилах мэт. Эрдэнийн мөнгөн завъяанд аагтай дарс оргилох мэт. Газрын дулаан хэвлийд сондор задрах мэт. Сарны мөнгөн туяаг нартай нийтгээд сав дэлхийн цээж рүү юүлэн асгарах шанага дүүрэн сүүгээ тоононд тултал өргөөд буурал ээж минь самарч байгаа юм уу. Говийн хулан тоос юугаа цацлаад шандас дөрвөн хөлөөрөө цахилж байгаа юм уу. Санаа сэтгэл ариуссан эртэй цагийн увдис, сар нартай хорвоогийн мөнгөн зүүдний увдис, тэмээн үүлс явгалж хөвсөн тэнгэрийн хаяа хоногийн тэртээ, тэрлэсэн заяа гомдоож ниссэн тэргүүн морьтон домгийн тэртээ, зээр уйдам хөндий тал гэдэг энд байна. Зээргэнэ уйдам салхи, намар гэдэг энд байна. Сэр сэрийх алс сэтгэл хөндөх шинжтэй. Дайдуу нутгийн хаяа руу давхиад үзмээр бодогдоно. Уйтгар далдын гунигтай усны тоосонд төөрсөн нуурын хун шиг гэгээтэй.

Миний амьдрал өсөхөөс өтлөх хугацаа дуусах хүртэлх хооронд амьдралын эрээн бараан, сэтгэл санааны болон хүний өөрийн бодол, тохиолдсон явдал, сэтгэлд нууцлан хоногшин үлдсэн хямрал, хорвоогийн, дэлхий ертөнцийн тогтоц дээр оршин байгаа бүхнийг багтаан бичих гэсэн боловч ухаан санаа жигдэрч чадахгүйгээс олигтой бичиж чадсангүй. Бүх юм багтсан байх боловч утгыг ойлгон эвлүүлэн сийрүүлж дурсан үлдэн бодогдох биз. Хэзээ нэгэн цагт!

No comments:

Post a Comment